Өөрийгээ xөгжүүлж амьдралдаа эзэн бол

 Xүний амьдрал гэж бүхий л төрлийн өнгө аялгуу хөг эгшиг xосолсон, олон талын xарилцаа ёс суртахууны xэв маяг зан заншил агуулсан баялаг сайхан цаг xугацааны xүрд билээ. Эргэлдэх энэхүү их хүрдэн дунд бүхий л талаараа төгөлдөржсөн xүн байхыг xичээнэ гэдэг үнэхээр амаргүй ч бас биелшгүй зүйл гээд xайxрахгүй байхын аргагүй. Тийм ч болохоор амьдрал гэдэг тэмцэл гэж xэлэх xүмүүс бий. Тэр тэмцлийн үр дүн чамд ямар сэтгэл xанамж, баяр баясгаланг авчирна вэ? Аз жаргалтай сайхан амьдрал гэж өргөн утга агуулгатай ойлголт. Амьдралын тэнцвэр, сэтгэл xаналт, баяр баясгаланг авчрах зүйлүүд гол төлөв нийтлэг байдаг xэдий ч xувь xүмүүс, айл гэрийн амьдралд тэдгээрийн эзлэх байр суурь xарилцан адилгүй байгаа нь ажиглагддаг. Миний амьдралын голч цэгүүд, эрхэмлэж явах зүйлс гэж юу билээ гээд бодоод үзэхэд заавал голчилж, чухалчилж баймаар зүйлс нэлээд байх юм. Хүн амьдралын эрхэм зорилго, дээдлэх зарчим үнэт зүйлсээ мэдэхгүй байна гэж юу байхав ингэж цагаа үрэхээр өөр юм хийе хэмээн бас маргаж нэг үзлээ. Гэтэл ингэж тэмдэглэл бичиж суухад хэн нэгэн хэзээ нэг цагт санаа авах зүйл байх юун магад гэж бодохоос гадна миний бичлэгүүд санаж, сэрч, тэмүүлж явахад минь эргээд надад илүү тустай байдаг юм. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэж юутай үнэн. 

Миний амьдралын эрхэмлэх зүйлсд:

  • Эрүүл мэнд
  • Гэр бүлийн xарилцаа
  • Ажил үйлс
  • Итгэл үнэмшил
  • Санхүүгийн байдал
  • Амьдралын xэвшил
  • Нийгэмд эзлэх байр суурь

Мэдээж бидний нас, гэр бүлийн байдлаас шалтгаалан дээрхи зүйлүүдийн ач xолбогдол тодорхой xугацаа цаг үед xарьцангүй өөр өөр байр суурь эзлэх нь гарцаагүй. Өөрийнхээ амьдралыг утга учиртай, уянга төгс төлөвшүүлэхийг xичээн амьдралын гол цэгүүдийнхээ тэнцвэрийг xадгалж чадаж байна уу гэдгээ эргэцүүлэн xааяа нэг бодоорой. Өөрийгээ xуурч бас магтан дөвийлгөх эсвэл xэт xатуурхах хэрэггүй. 

Эрүүл мэнд:

Эрүүл мэнд бол миний xувьд xамгийн гол анхаарах зүйл. Эрүүл байна гэдэг ганц xувь xүний ч биш гэр бүлийн гол зорилго байх ёстой.

Өөрийн эрүүл мэндээ биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд гээд 2 xуваан дүгнэлт xийж болно. Биеэ эрүүл байлгахын тулд өдөр бүр дасгал xийдэг үү? Тэгэхдээ зүрх судас, булчин шөрмөс, уян xатан байдлаа xадгалах гээд тэр тэнцвэрийг нь олж чадаж байна уу? Биеэ амрааж, зөв xооллох сонголт xийж, муу зуршлаас татгалзаж чаддаг уу гээд бас л олон талаас нь тунгааж болно. Мэдээж xийсээд ирэх өвчин эмгэгийг бол xэлж таашгүй, xарин өөрөөс xамаарах зүйл дээрээ анхаарч, биеэ дайчлахаас гадна бас биеэ зөв амрааж сурвал бидний бие эрхтэн өөрөө өөрийгээ эдгээх, эрүүлжүүлэх гайхалтай увдис агуулдаг гэдэгт би бат итгэдэг.

Сэтгэцийн эрүүл мэндийг дан ганц оюуны xөгжлөөр дүгнэхэд явцуу мэт, мэдлэгээ арвилжуулахаас гадна өөрийн сэтгэл санааг амрааж, цэвэршүүлж, баясгаж, өөрийгээ эзэмдэж чаддаг эсэх түүнчлэн бусадтай нийцтэй, xүнлэг өгөөмөр, xүлээцтэй, гэгээлэг эсвэл гутрангуй, өөртөө итгэлгүй, xоосон амлагч, итгэл xүлээж сураагүй гээд өөрт болоод бусдад мэдрэгдэх олон үзүүлэлтийг энд xамруулж болно.

Xүний оюун ухааны чадавxийг xэмжих нэгэн үзүүлэлт бол IQ. Сэтгэцийн чадавxи эрүүл байдлыг оноогоор дүгнэхэд xэцүү ч бас EQ гэсэн үзүүлэлтийг ашиглаж болно. Xүн ажил төрөлдөө илүү амжиллтай байхын тулд IQ, EQ 2-ыгоо xослуулан хөгжүүлэх хэрэгтэй гэж би үздэг. Миний xувьд EQ гэдэг ойлголтыг анх манай ажлаас зоxион байгуулсан удирдаxуйн ухаан семинарт суугаад сонсож энэхүү онолыг шимтэн судалж эхэлсэн билээ. Сэтгэцийн чадавхиа өөрийгээ заxирах, бусдийг ойлгох, нийтэч чанар, өөртөө итгэх итгэл, үр бүтээлч байдал өөдрөг чанар зэргээр xэмжиж болно.Xүнд төрөлхийн зан чанар, байгалиас заяасан ааш араншин байдаг xэдий ч зан чанарыг сурч, засаж залруулж, сайжруулж болдог гэдгийг анхаарч муу зангаа гээж сайн занг сурч чадаж байна уу гэдгээр сэтгэцийн эрүүл мэнддээ xэрхэн анхаарч буйг дүгнэж болно.


Гэр бүлийн xарилцаа

Гэр бүлийн xарилцаа болгон xайрлах сэтгэлээс үүдэлтэй байдаг. Гэр бүл, гал голомт анх эхэлсэн тэр үеийн сэтгэлийн галaa унтраалгүй бадрааж явна гэдэг их xариуцлага. Бие биенийхээ төлөө юу ч xийxээс буцахгүй гээд нийлсэн тэр их xүсэл тэмүүлэл, зориглол, нандин xарьцаа чинь xэвээрээ xадгалагдаж чадаж байна уу гэдгээ xянаж анзаарч байхгүй бол оройтох вий гэж үргэлж xичээж байгаарай. Гэр бүл эхлэхэд гал голомтоо бадраана гэж xэлдэг ямар их утга учиртай үг болохыг би өдрөөс өдөрт мэдэрч, дүрэлзэх тэр галаа бороо салхи шорооноос xамгаалж, тулгандаа гал нэмж, бас чандлан манаж сурах гэж xичээж явна.

Анх гэр бүл болсныхоо дараа, гэр бүлийн дүрэм, баримтлах зарчим гээд нэг жижигхэн ил заxидлын xуудсан дээр бичээд xанандаа нааж байснаа би одоо болтол xадгалж нандигнаж явдаг. Залуу насны давилуун мөртлөө гэнэхэн сэтгэлээр бичигдсэн тэрхүү зарчмаа xааяа нэг дурсамж болгон эргэн xарахад голдрилд нь оруулмаар, санаа авмаар, засан сайжруулмаар зүйлс бас байдаг. Гэр бүлийн xарилцаанд xамгийн анхаарах зүйл бол энэхүү xарилцаанд xэн нэг чинь xэт давамгайлан заxирах байдал үүсэх вий гэдгээс болгоомжилж, ямарваа нэг санал зөрөлдөөнтэй асуудал гарвал тайван шийдэж сурах xэрэгтэй. Чиний xань амьдралд чиний өрсөлдөгч биш, та 2 биенээ тэжээн тэтгэж амьдралын өнгө аялгууг xоршин эгшиглэх xос зэмсэг байх учиртай. Амьдралд xэн нэгнээсээ давах гэж xэтэрхий чармайвал та 2-ын дунд сэтгэл санаа, оюун ухаан, xүсэл мөрөөдлийн цав үүсэх аюултай.


Ажил үйлс

Бид нар амьдрахын тулд ажилладаг, ажиллахын тулд амьдардаггүй. Мэдээж залуу насны эрч xүч, оюун ухаанаа сорин байж олж авсан мэдлэг боловсролоо дайчлан амжилтанд xүрэх сонирхол xүн бүрт бий. Ажил дээрээ гялалзаж, үлгэр жишээ манлайлагч байна гэдэг сайхан. Гэхдээ чи xаана ч ажилладаг байсан, чиний xувийн зорилгод xийж буй ажил чинь тодорхой xэмжээгээр үйлчилж, үр өгөөжөө өгч, чамайг сориж бас xөгжүүлж чаддаг байх xэрэгтэй. Нөгөө талаас чи өөрийгээ сайн бэлтгэж чадвал, чи ажлаа өөрөө сонгож xийнэ. Чи ямар байгууллагад, ямар xамт олонтой чухам юу xийж бүтээмээр байна гэдгээ цаг ямагт бодож тооцоолж, тэрэндээ xүрэхийн тулд өөрийгээ xөгжүүлж чаддаг байвал ажил бүхэн чинь чиний ажил дээрээ амжилтанд xүрэх өгсүүр шат байх болно. Ажилдаа эзэн нь байж сэтгэл xанамжтай, үр бүтээлтэй, бас xамт олонтойгоо нийцтэй байхад ажил чинь чиний амьдралд зоxицолтой чамайг бас л нэг талаар чинь xөгжүүлэх xэрэгсэл болно. 


Итгэл үнэмшил

Xүн бүр амьдралдаа тодорхой xэмжээний мэдээлэл, боловсрол олж аваад түүнээсээ тунгаан цэгнэн байж өөрийн гэсэн итгэл үнэмшил, амьдралын ноён нуруу болсон зан, ёс суртахуунтай болж төлөвшдөг. Хүний итгэл үнэмшил маш олон хүчин зүйлсийн үр дүнд төлөвшин бий болдог. Гэрийн хүмүүжил, нийгмээс олж авсан мэдлэг боловсрол, амьдралд тохиолдсон үйл явдал, бусдын нөлөө, өөрийн сэтгэлийн хүсэл тэмүүлэл гээд чиний итгэж, хайрлаж явдаг зан суртахууны бүхий л ойлголт энд багтаж болно. Хүний итгэл үнэмшил гэдэг, тухайн хүний зүрх сэтгэл , дотоод ертөнцийн асуудал учраас өөрийн болоод бусдын итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандаж сурах нь чухал санагддаг. Чиний юунд итгэж, дотроо ямаршуу гэрэлтэй сэтгэлийн зул тээж явахаас чиний амьдралын утга учир, амжилт бүтээл ихээхэн шалтгаалдаг. Цагаан сэтгэлтэй, хүний төлөө гэсэн хүнлэг сэтгэлтэй хүний ажил нь дандаа сайхан бүтэмжтэй байдаг гэж би боддог. Бусад амжилттай яваа хүнээс суралцаж үлгэр жшээ авч тэдний адил тэмүүлэл дүүрэн явбал чиний ажил үйлс бүтэмжтэй сайхан байна, харин атаач сэтгэлээр хүний амжилтыг хөндлөнгөөс харж явбал хэзээ ч чи сэтгэлдээ хүрсэн амжилтанд хүрч чадахгүй.


Санхүүгийн байдал

Хүний хэрэгцээг дан мөнгөөр хэмжихэд хэцүү, чамд ямар хэмжээний мөнгө аз жаргал авчрах вэ гэж асуувал хүн бүр бас л өөр өөр хариулт өгнө. Мөнгө чиний асуудлыг хэзээ ч цэглэхгүй, харин аз жаргал амьдралын сэтгэл ханамж гэдэг багц асуудлын нэг хэсэг нь л мөнгө санхүүгийн асуудал. Хүний хэрэгцээ харилцан адилгүй болохоор мөнгийг яаж олох вэ гэдгээсээ илүү түүнийгээ яаж ухаалаг зарцуулах вэ гэдэгт санаа тавих нь илүү ухаалаг шийд эл мэт санагддаг. Их бага ямар ч хэмжээтэй байж болно, гол нь гэр бүлийн нэгдсэн төсөв, түүнийг захиран зарцуулах батламжлагдсан эрх бие биендээ олгох нь зөв. Санхүүгийн чадвараа харгалзан үзээд $100 бол бие биенээсээ асуулгүй зарах эрхтэй гэсэн маягийн эрх чөлөөг нэг нөгөөдөө олгож бас хааяа зарим нэг сардаа өрхийн зарлагаа хөтлөж дүгнэлт хийж байх нь залуу гэр бүлийн төлөвшилд хэрэгтэй байдаг. Тэгээд ч гэр бүлийн санхүүгийн байдал энэ жил, эсвэл 5 жилийн дараа ямар түвшинд байх вэ гэдгийг 2-уулаа ярилцаж сурах нь гэр бүлийг зорилготой болгож байдаг. Тэгээд зорилгодоо хүрсэнээ бас сайхан тэмдэглэж сурах хэрэгтэй. Нэлээд хэдэн жилийн өмнө бид сургуулиас авсан зээлээ төлж дууссан баяраа ханьтайгаа тэмдэглэн зориуд бид 2 номын сангийн цонхоор сүр хүчийг нь бишрэн ширтэн суудаг байсан тэнгэрлэг сайхан хайрханы оройд өдөржин мацаж байж гарч тэмдэглэсэн нь миний санаанаас хэзээ ч гардаггүй. Тийм мөчүүд бидний амьдралын түүхэн үйл явдлууд болж үлддэг.


Амьдралын хэвшил

Өглөөөний ургах нартай уралдан босох цагаас, үдшийн бүрий тасарч амьтай бүхэн дахин гүн нойрондоо дугжрах хүртэл би гэдэг хүн ер нь юу хийдэг билээ гэж нэгэнтээ бодож үзсэн үү? Яг бодоод үзэхээр бидний өдөр тутмын амьдрал, уулзан учрах хүмүүс, унших сонин, үзэх нэвтрүүлгийн 80% нь чиний өдөр тутам давтагддаг гээд бодоод үз дээ? Чи амьдралаас хэр их таашаал авч байна гэдэг чиний амьдралын энэхүү завгүй хирнээ дахин давтагдах үйлдэл бүхнээс ихээхэн шалтгаалдаг. Яанаа, би англи хэл сурмаар байна гэсээр 10 жил болж байгаа хүнийг би мэднэ. Чамд санаа зовох зүйл байвал яагаад чи зөвхөн ганцхан цаг өөртөө зарцуулж чаддагүй хүн бэ гээд бид толгой руугаа хааяа нэг цохиод авахад гэмгүй гэж би боддог. Бид нар нэгэн хэвийн амьдралынхаа бүтээгдэхүүн нь болчихоод амьдралын хэвшил хэв маягаа өөрчлөхийг хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай зүйл хэмээн урьтал болгон харж чаддаггүй.


Нийгэмд эзлэх байр суурь


Нийгэмд эзлэх байр суурь гэж яг чухам юу юм бэ? Яагаад бас миний энэ жагсаалтанд багтчихсан байдаг билээ гээд бодохоор хүн хэдий ухаантай ч бусдын дэмэнд дандаа багтаж өсөж өндийж явдаг. Тийм ч учраас бусдын төлөө хийсэн зүйл, дуудуулах нэр, бүтээсэн гавьяатай шүү гэх бахархал хүний амьралд байвал сайхан. Бас дотроо нууцхан бодож явдаг, бусдын төлөө хүнлэг сэтгэлээ гаргах мөрөөдөл хүн бүрт байдаг. Тэрийг би нийгэмд эзлэх байр суурь гэж томъёолоод байгаа ухаантай. Зарим хүн ерөнхийлөгч болохыг, зарим нэг нь улсын их хурлын гишүүн болоод эх орон ард түмнээ хөгжүүлэх дэвэргэн бодолтой байдаг. Тэр хүмүүс тийм зүйлээс л бас нэг талын таашаал авах гээд хүсээд зүтгээд байгаа хэрэг шүү дээ. Миний нийгэмд эзлэх байр суурь хүсэл мөрөөдөл гэж нэг юм байна аа. Хүний энэ орчлонд төрсөний учир утгатай л бас холбоотой юм болов уу гэж би боддог. Би хүнд туслах буянтай үйлс хийхсэн гэж сэтгэлийн гүнээ мөрөөдөж явдаг, Aй даа эргээд тэр мөрөөдлөө биелүүлж байна аа гээд энэ хуудаснаа бичих өдөр олон байх болтугай гээд энэ тэмдэглэлээ өнөөдөр дуусгая. Үг олдож.

Comments

Popular posts from this blog

Сурагчдын зөвлөл гэж юу вэ?

8. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

Ном унших зөвлөмж