Үгээ хэрхэн үнэ цэнэтэй болгох вэ?

Үгээ хэрхэн үнэ цэнэтэй болгох вэ?
Цөөхөн дуугардаг мөртлөө нэг ам нээхээрээ голыг нь олоод хэлчихдэг төрөлхийн үнэ цэнэтэй үгтэй хүмүүс байдаг. Тэдэн шиг болохын тулд үг, үйлдэл бүрийг нь дууриах биш харин хэрхэн өөрийнхөө дотор үнэ цэнэтэй үг хэлдэг хүнийг аваачих вэ гэдэгт асуудлын зангилаа бий. Тиймээс өөрийгөө нэг их өөрчлөхгүйгээр үгээ үнэ цэнэтэй болгоход чинь туслах зөвлөгөөг бэлтгэлээ.
Мэдлэгийнхээ хүрээг тэлэх
Ухаалаг үгс хэлдэг хүн бүхэн өргөн уудам мэдлэгийн хүрээтэй байдаг. Урьд нь сонирхдоггүй байсан гүн ухаан, уран зөгнөлт, шинжлэх ухааны гэх мэтчилэн нүдийг чинь нээж, ертөнцийг өөрөөр харахад чинь туслах номнууд унш. Эхний удаад уншаад ойлгоход хүнд байсан ч шантралгүй дараа дараагийн удаа гүн ойлгох гэж хичээгээрэй. Ялагч гэж ялсан биш харин зогсолтгүй тэмцсэн хүнийг л хэлдэг.
Хүмүүсийг сонсож сурах
Чи өөрөө бусдын үгийг сонсдоггүй бол хүмүүс хэлсэн үгийг чинь тоож ч сонсохгүй. Тиймээс буруу ярьж байгааг нь мэдэж байсан ч тухайн хүнийг дуустал нь тэвчээртэй сонсож сур. Хүн хүний бодлын ялгаа, зөрүүтэй байдлыг ойлгохыг хичээснээр өөрийн үзлийг төлөвшүүлэхэд чинь нэмэр болох болно.
Бага ярьж их хийх
Өөрөө гавьтай хийж бүтээсэн зүйлгүй мөртлөө хорвоо дэлхийг бүхэлд нь таньчихсан мэтээр сагсуурч явдаг хүмүүс бий. Ертөнц дээр ямар ч зүйлийн талаар туйлын үнэн зөв гэсэн тодорхойлолтыг хэн ч хэзээ ч гаргаж байгаагүй. Учир нь мэдэх тусмаа мэдэхгүй болдог зүйл бол мэдлэг юм. Тиймээс тухайн зүйлийн талаар үнэн зөв мэдлэгтэй болохын тулд өөрийн биеэр туршиж, хийж үзсэн байх хэрэгтэй. Хийх боломжгүй зүйлүүдийг “Миний бодлоор”, “... байдаг байх аа”, “...гэж би боддог” гэх мэтчилэн даруухан ярьж сураарай.
Үнэнийг л ярьдаг хүн бол
Худлаа ярьдаг хүн үнэ цэнэтэй харагддаг уу? Түүний үгийг чи сонсож, амьдралдаа хэрэгжүүлэх байсан уу? Худлаа ярьдаг хүн бол худалч л байдаг. Ярьсан үгс нь худлаа бол хичнээн гоёмсог байгаад хэзээ нэгэн цагт үнэн мөн нь илэрч л орхидог. Үгээ үнэ цэнэтэй байлгахын тулд зөвхөн үнэнийг л ярьдаг хүн бол. Хэзээ ч, хэзээ ч битгий худлаа ярь.
Үнэ цэнэтэй үгс хэлдэг хүний дүр төрхийг өөртөө бүтээ
Энэ нь гэнэт өөрөөсөө шал өөр хүн болж, хүсээгүй ч хүмүүст гоё харагдах дүрд тогло гэсэн үг биш шүү. Харин хараалын үг хэлэхээ зогсоож, юманд эелдэг хандаж, хүндэтгэл хүлээхүйц хүн болоорой гэсэн үг юм. Таны хамгийн их хүндэтгэдэг хүн чинь хэн бэ? Тэр хүнийхээ үгийг чин үнэн гэж итгэж дагах уу? Хүндэлдэг хүнийхээ сөрөг зүйлсд хэрхэн хандаж байгааг ажигла. Хаана ч, ямар ч байдалд орсон боловсон зангаа гээлгүй, ухаалаг хандаж байгааг нь л сур.
Хорвоо дээр цорын ганц болж төрчихөөд хэн нэгний хоёр дахь хувилбар болж амьдрана гэдэг хамгийн харамсалтай явдал. Өөрөөрөө байх шиг сайхан юм хаа байна. Харин яг одоо байгаа чиний үгийг хүмүүс ойшоож авч үзэхгүй байвал өөрийгөө хөгжүүлж, илүү их юм сурах хэрэгтэй болжээ гэж ойлгох хэрэгтэй. Хувь хүний онцлогоо хадгална, гэхдээ илүү сайжрана. Урагшаа!

Comments

Popular posts from this blog

Сурагчдын зөвлөл гэж юу вэ?

8. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

Ном унших зөвлөмж